in , ,

Архитектор Ц.Одхүү: Зурсан зураас болгон чинь дэлхий баганадаж байх болтугай

“ББУТ” констракшн ХХК-ний захирал

Манай энэ удаагийн зочноор   “ББУТ” констракшн ХХК-ний захирал, Архитектор Ц.Одхүү уригдаж сонирхолтой ярилцлага өрнүүлснийг та бүхэндээ хүргэж байна.

-Юуны өмнө урилга хүлээн авсан танд баярлалаа. Та яагаад архитекторын мэргэжилд дурлаж, энэ мэргэжлийг сонгох болсон талаараа яриагаа эхэлье?

Урьсанд баярлалаа. Би архитекторын мэргэжлийг сонгох болсон шалтгаан маань их сонирхолтой. Анх эмч мэргэжилтэй болно гэж бодож байсан болов ч 7-р ангид байхад ээж маань миний хүүгийн аав нь ээжтэй нь анх танилцаж байхдаа архитектор болно гэж ярьдаг байсан. Миний хүү энэ мэргэжлийг сонговол яасан юм бэ? гэж хэлж захидаг байсан. Аав маань хэдийгээр архитектор мэргэжилгүй ч энэ талаарх мэдээ мэдээллийг тайлбарлаж, хэлж өгдөг байсан. Тэр үеэс хойш архитекторын мэргэжил миний хүсэл мөрөөдөл, зорилго, зорилт болж түүгээрээ сурч өнөөдрийн архитектор гэх чимгийг нэрийнхээ өмнө дуудуулж явнаа.

- Ажил мэргэжил бүхэн өөрийн гэсэн онцлогтой байдаг. Таны мэргэжлийн онцлог юу вэ?

 Архитектурын салбар маань хөврөх чадвартай салбар юм.  Хүний өнөөдрийн амьдрах орчин аюулгүй байдал, эрүүл мэнд гээд хамрах хүрээ том. Архитектурын онцлог нь ерөөсөө л бүх талын судалгаа мэдээлэл хийх ёстой байдаг.  Архитектор хүн архитектурын мэргэжлийг эзэмшихийн тулд маш их судалгаа хийдэг. Түүгээрээ маш их мэдээллийг олж авдгаараа онцлог байдаг.

- Таны хэлэх дуртай үг?

 Архитектор мэргэжилтэй холбоотой хэлэх дуртай үг маань Зурсан зураас болгон чинь дэлхий баганадаж байх болтугай гэж энэ салбарыг сонгосон архитекторууддаа  хэлэх дуртай.

- Та энэ салбарт багагүй хугацааг өнгөрүүлсэн.  Та туршлагаасаа хуваалцаач?

 2008 онд ШУТИС-ийн Барилга инженер, архитекторын сургуулийг төгсөөд 2016 оныг хүртэл Өмнөговь аймгийн  ерөнхий архитектороор ажилласан. Ажиллаж байх хугацаандаа маш их судалгаа хийж ирсэн. Жишээлбэл 2010 онд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод мастер хамгаалсан. 2013 онд БНАСАУ-ийн Пхеньян хотод 3 судалгааны ажлаар явж суралцсан. Энд байх хугацаандаа архитектор хүний судлах ёстой жижиг барилгын материалаас эхлээд маш их зүйлийг судалж, туршлага хуримтлуулсан.

- Та бүтээн байгуулалтынхаа талаар мэдээллийг өгөөч?

Бүтээн байгуулалтын талаар ярихаасаа өмнө архитектурын өнөөгийн урсгалын 3 чиглэл манай улсад яригддаг.

  1. Хот төлөвлөлтийн архитектур
  2. Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын архитектур
  3. Ландшафт / Ногоон байгууламж /  архитектур гэсэн урсгал байдаг.  Би ажиллаж байх хугацаандаа Өмнөговь аймгийн Даланзадгад хотод шинэ суурьшлын бүсэд 90га газар хот төлөвлөлт хийсэн. Өнөөдөр байдлаар шинэ Даланзадгад хотхон маань хэрэгжилтийн явц 60%-тай хэрэгжиж байна. 2008-2010 он хүртэл судалгааны ажлыг хийж 2010 оноос бүтээн байгуулалтын ажлууд маань эхэлсэн. Өмнөговь аймаг маань 2017, 2018, 2019 оны бүтээн байгуулалтаараа шилдэг аймаг болж байсан. Би өөрөө Өмнөговь аймгийн унаган хүн, өөрийнхөө мэдлэг чадварын хүрээнд энэхүү ажлыг хийж хэрэгжүүлж байгаа маань том бүтээн байгуулалт хийсэн юм болов уу гэж боддог.

- Манай улсын архитектурын хөгжил ямар шатандаа явж байна гэж боддог вэ?

Манай улсад ажиллаж, амьдарч байгаа архитекторууд маш сайн чадвартай хүмүүс байдаг. Миний бодлоор бол шинээр энэхүү мэргэжлээр суралцаж байгаа залуу боловсон хүчнүүд маань судалгааны ажлыг хялбарчлах болсон. Учир нь техник технологи хөгжиж байгаа болохоор гэж харсан. Манай Улаанбаатар хотын хот төлөвлөлт анхнаасаа буруу явснаас болж одоо Улаанбаатар хотын түгжрэл, явган хүний зам, шугам сүлжээ гээд л энэ болгон маань цэгцтэй явах байсан болов уу гэж боддог. Одоо бол дахин шинээр хот төлөвлөх боломжгүй учраас засварлахыг нь засварлаад, сайжруулахыг нь сайжруулаад хэсэгчилсэн хотын төлөвлөлт хийгээд явбал боломжтой санагддаг.

  -  Залуу архитекторууддаа юуг зөвлөж, анхааруулдаг бэ?

 Би ч бас залуу архитектор хүн. Маш их судалгаа л хий гэж хэлдэг. Учир нь хүний аюулгүй байдал, хүний амьдрах орчин, эрүүл мэнд гээд энэ бүхэн дээр маш их судалгааг архитектор хүн заавал хийх ёстой байдаг.

 -  “Архитектур гэдэг бол барилга байгууламж, тохилог орчинг тусгасан бүтээл байх ёстой”гэдэг шүү дээ. Харин танай компани ямар зарчим баримтлан ажилладаг вэ?

 ББУТ констракшн маань тухайн орон нутаг, байршилд тааруулж төлөвлөх нь хүний эдийн засагт эерэгээр нөлөөлдөг. Манай компанийн давуу тал бол гадаад, дотоодын архитекторуудтай хамтарч зөвлөлдөж, хэрхэн бусад орны жишгээр шинийг санаачлан ажиллаж энэ болгоныг уялдуулж хамтарч ажилладгаараа илүү давуу талтай байдаг.

- Танай компани олон жилийн арвин туршлагатай. Хийж хэрэгжүүлж байсан бүтээн байгуулалтаасаа дурдвал?

 Манай компани хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр маш олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал Дархан-Уул аймагт цогцолборууд, Эрдэнэт хот, Өмнөговь аймагт 12, 15 давхар амины орон сууцнууд гэх мэт ажлуудыг хүний аюулгүй байдлыг хангаж, зураг төслүүдийг боловсруулж ажиллаж ирсэн. Манайд захиалга өгсөн захиалагч нарынхаа хүсэл сонирхолд нийцүүлэн архитектурын шийдлүүдийг гаргадаг.

   - Таны амьдралдаа баримталдаг зарчим?

Хэлсэн ярьсандаа үнэнч бай. Хүний ажлыг битгий удааж бай гэсэн зүйлийг амьдралдаа хэрэгжүүлж, баримталж явдаг.

   -   Яг одоо танай компани хийж байгаа бүтээн байгуулалтынхаа талаар мэдээлэл хүргээч?

Одоогоор Өмнөговь аймгийн төв номын сангийн ажлын архитектурын төлөвлөлтөө хийгээд явж байна.

  -  Та мэргэжлийнхээ дагуу хийж хэрэгжүүлэхийг хүсдэг мөрөөдлийнхөө талаар хуваалцаач?

Миний хүсэж мөрөөдөж явдаг бас хийж хэрэгжүүлж эхлээсэй гэж бодож явдаг зүйл бол Дагуул хотуудыг байгуулж хот төлөвлөлтийг зөв хийж хэрэгжүүлээсэй гэж хүсдэг. Жишээлбэл Өмнөговь аймагт дагуул хот бий болоосой мөн Улаанбаатар хот маань дагуул хотуудыг бий болговол өнөөдрийн энэ их түгжрэл гэх мэт иргэдийг бухимдуулж байгаа зүйлс буурах боломжтой гэж хардаг. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулиудыг мэргэжлийн салбар салбараар нь хотынхоо зах уруу төвлөрүүлээсэй гэж хүсдэг.

- Бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Таны ажиллаж буй төсөл  архитекторын ур ухаан шингэсэн, онцгой бүтээн байгуулалт болно гэдэгт итгэлтэй байна. монгол орны маань хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье.

https://www.facebook.com/BBUT-construction-LLC-223474305614105/

 

 

What do you think?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Томуу, томуу төст өвчний үед ямар дэглэм баримтлах вэ

Иргэдийг хариуцлагатай байж, зуух пийшингийн битүүмжлэлээ сайтар шалгахыг уриаллаа