Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд хот, нийтийн аж ахуйн ажлуудыг эрчимжүүлэх, зам засварын ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг, даалгавар өгсөн. Энэ талаар НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тухайлбал, авто замын хашлага, босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдийг засварлах, шинэчлэх ажлуудаа эрчимжүүлэх хүрээнд 919 тэмдгийн засвар, арчлалт болон шинээр байршуулах ажлыг хийжээ. Мөн явган замын тусгаарлах труба, хайс будах ажлыг дүүргүүдэд зохион байгуулжээ.
Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өгсний дагуу гүүрэн гарц, нүхэн гарц, замын тэмдэг, тэмдэглэгээ, хайсыг угааж, цэвэрлэх ажлыг тогтмол хийж байна. Энэ хүрээнд өнгө үзэмжээ алдсан, зэвэрсэн нийт 4577 метр урт хайс, хашлага будаж, засварлан, Сансарын нүхэн гарц болон 100 айл, Бөмбөгөр, 120 мянгат, 19-р хорооллын гүүрэн гарцуудын гадна, дотор шилэн фасад, тоноглолуудыг угааж цэвэрлэх ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэсэн байна.
Мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг сэргээн, засварлах ажлын хүрээнд Махатма Гандигийн хөшөөний ус нэвчиж эвдэрсэн суурийг байгалийн боржин чулуугаар солих, намаг үүсэж, суулт өгсөн хөшөө орчмын 60 ам метр талбайн хөрсийг хуулан, нягтаршуулан хавтан тавих, бичвэрийг солих, орчныг тохижуулах ажлыг хийж, дууссан байна.
Хэлмэгдэгсдийн хөшөөний засварын ажлыг эхлүүлж, суурийн 91.44 ам метр хавтанг хуулж, суурийг шинэчлэх ажил хийгдэж байгаа гэлээ.
ГАЛ ТҮЙМЭР ГАРЧ БОЛЗОШГҮЙ 92 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖ, АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭВ
Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай” А/256 дугаар захирамжийн хүрээнд таван байгууллагын томилогдсон хөдөлгөөнт эргүүл хяналт, шалгалтын ажлыг найман дүүргийн ногоон бүсийн 126 чиглэлд зохион байгуулжээ. Ингэхдээ давхардсан тоогоор 1160 алба хаагч, 422 техник, хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэхэд гал түймэр гарч болзошгүй 92 зөрчил илрүүлж, газар дээр нь арга хэмжээ авч, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажилласан байна.
Ногоон бүсэд зорчиж байсан 649 автомашинтай 2271 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж ажиллалаа. Мөн ойн сан бүхий газар амьдардаг иргэдэд хөдөлгөөнт эргүүлийн хяналт, шалгалтын хүрээнд түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг танилцуулж, нийт 800 орчим айл өрхөөс түймрийн баталгаа гаргуулсан. Түүнчлэн ойн санд нэвтэрсэн болон нэвтрэхийг завдсан 415 автомашин, 1757 иргэний хөдөлгөөнийг хязгаарлажээ.
ХОТОО УГААХ, АРИУТГАХ АЖЛЫГ ТОГТМОЛ ХИЙХ ЁСТОЙ ГЭЛЭЭ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөл хорионы өдрүүдэд хот, нийтийн аж ахуйн ажлууд сайн хийгдэж байгааг онцлоод цаашид Улаанбаатар хотоо угаах, цэвэрлэх, ариутгах ажлыг тогтмол хийж байхыг үүрэг болгов. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн их цэвэрлэгээний талаар танилцуулаад автобусны буудлын угаалга, цэвэрлэгээний ажлыг зургаан бригад хийж байгаа гэлээ.
Гамшгаас хамгаалах Бүх нийтийн нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгасантай холбогдуулан Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж талбай, байгууллагын өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйтгэлийг сайтар хийх үүрэг өглөө.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/251 дүгээр захирамжийн хүрээнд нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хаалт, төмөр шонгуудыг чөлөөлөх ажлыг хөл хорионы хугацаанд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Хотын дарга энэхүү ажлыг сайн зохион байгуулж байгааг хэлээд цаашлаад дүүргүүдийн удирдлагуудтай хамтарч нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажлыг үе шаттай явуулах хэрэгтэй гэлээ.
Мөн "Ковид-19" цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийн дархлаажуултын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах үүрэг өгөв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС