Цар тахлын эсрэг хуулийн хэрэгжилтийг хянах түр хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ хангамжийн талаар мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавируст халдварын 37 нэр төрлийн нийт 5 тэрбум төгрөгийн эмийн нөөц байна. Мөн 16 нэр төрлийн 38.3 тэрбум төгрөгийн хувийн хамгаалал хэрэгслийн нөөц байгаа аж. Эрүүл мэндийн байгууллагуудад нийт 984 амьсгалын аппарат, үүнээс зөөврийн 137-г ашиглаж байгаа юм.
Түүнчлэн ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай хүчилтөрөгчийн үйлдвэрийг шуурхай барих ажлыг зохион байгуулж, энэ долоо хоногт ашиглалтад хүлээн авч байгааг Шадар сайд онцлов. Ингэснээр ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн хэрэгцээ, шаардлага хангагдаад зогсохгүй, бусад эмнэлэгт нийлүүлэх боломж бүрдэх юм.