МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:
“Эрхэм сэтгүүлчид ээ,
Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд аа,
Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье.
Ардчилсан нийгмийн хамгийн чухал шалгуур нь хүний эрх, эрх чөлөө. Тэр дундаа үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлдэг иргэний тухай ойлголт юм.
Бид Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно хэмээн тунхагласан байдаг. Тиймээс ч эрх чөлөөтэй, үзэл бодлоо илэрхийлж чаддаг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд Та бүхэн ардчиллыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж буй болохыг цаг ямагт санаж явах учиртай.
Сэтгүүлчийн бичсэн нэг үг, нэг өгүүлбэр нь ард түмэнд мэдээлэл, мэдлэг болон хүрдэг. Иймд сэтгүүлчид Та бүхэн оюун бодол, эрдэм чадвараа чухамхүү эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө, хүний эрх, эрх чөлөөний төлөө, шударга ёсны төлөө чилээж ажиллахыг уриалж байна.
Цаашид ч Та бүхэн мэргэжлийн суурь зарчимдаа үнэнч байж, ёс зүйтэй, шударга сэтгүүлзүйг эх орондоо төлөвшүүлэн хөгжүүлэх их үйлсэд ололт, амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.
Дэлхий даяараа цар тахалтай тэмцэж буй энэ онцгой цаг үед ардчилсан нийгмийн үнэт зүйл болох иргэний мэдэх эрхийг хангахын төлөө хүчин зүтгэж буй бүх сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад амжилт хүсье.
Цар тахал нь дэлхий даяар хэвлэл, мэдээллийн салбарт ажиллагсдад шинэ сорилтыг авчрахаас гадна мэдээлэл олж авах үйл ажиллагаанд нь саад тотгор учруулж байгааг “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн тайлангаа танилцуулахдаа онцолсон байна. Монгол Улс 2021 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс үзүүлэлтээр 180 орноос 68 дугаар байрт жагсаж байгаа юм.
108 жилийн түүхтэй Монголын сэтгүүлзүйн салбарын төлөөлөгчид, эрхэм сэтгүүлчид Та бүхнийг улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, шударга ёс, олон ургальч үзэл, ил тод байдлын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан, хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие гүнээ итгэж байна” гэжээ.