Улсын гуравдугаар төв эмнэлэг 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн “Урт хугацааны зүрхний цахилгаан бичлэгийн хяналтын суулгац" бүхий оношилгооны дэвшилтэт технологийг Монгол Улсад анх удаа албан ёсоор нэвтрүүлэн ажиллаж эхэллээ.
Энэхүү оношилгооны анхны суулгацуудыг далд хэлбэрийн зүрхний хэм алдагдлын шалтгааныг ялган оношлуулах зорилгоор тус эмнэлгээр үйлчлүүлсэн зүрх хааяа дэлсэх зовиуртай боловч яг зүрх дэлсэх үедээ зүрхний бичлэг хийлгэж чаддаггүй, онош нь бүрэн батлагдаагүй эмчлүүлэгч, мөн шалтгаан тодорхойгүй ухаан алдах зовиураар тус эмнэлэгт хандсан хоёр эмчлүүлэгчид амжилттай суулгаад байгаа ажээ.
Тус эмнэлэг оношилгооны энэхүү технологийг энэ оны нэгдүгээр сард шинээр нээгдсэн Зүрхний хэм судлалын төвийн эмнэлзүйн тусламж үйлчилгээнд тухайлбал далд хэлбэрийн тосгуурын жирвэгнээг (ялангуяа тосгуурын жирвэгнээ бүхий хэм алдагдлын аблаци эмчилгээний дараа, шалтгаан тодорхойгүй тархины харвалтын дараа гэх мэт) илрүүлэхэд, шалтгаан тодорхойгүй ухаан алдалт, шалтгаан тодорхойгүй цөөн давтамжтай зүрх дэлсэх зовиурын үед хэм алдагдлын шалтгааныг илрүүлэх гэх мэт зорилгоор өргөнөөр ашиглах юм байна.
Эх сурвалж: ЭМЯ