Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-иас цахимаар зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд Хотын даргын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн долоо хоногт есөн чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс биелэлт 88.6 хувьтай байна.
Нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ тогтмол хийж байна
Өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд 126 нарс мод, 14 төрлийн 23753 гоёлын бут сөөг, ургамлан хашлага тарьсан бөгөөд арчлалт хамгаалалтын ажлыг гуравдугаар сарын 31-нээс эхлүүлжээ. Зуны улирал эхэлж, зуслангийн чиглэл рүү зорчих иргэдийн тоо нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан тавдугаар сарын 15-наас зуслангийн чиглэлүүдэд их багтаамжийн таван автобусыг үйлчилгээнд явуулж эхэлжээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгж, байгууллага эцсийн зогсоолууд дээр рейс тутамд тээврийн хэрэгслүүдэд ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийж байна. Мөн орой бааз дээр тээврийн хэрэгслийн гадна, дотор талыг ариутгаж, халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавин ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн долоо хоногт замын хөдөлгөөний дүрэм зөрчиж түр зогсохыг хориглосон байршил болон явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан тохиолдолд журамлах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох, зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийг шуурхай барагдуулж, олон нийттэй хамтран ажиллах, шаардлагатай газарт нь түр зогсохыг хориглох тэмдэг, тэмдэглэгээг байршуулж ажиллах чиглэл өгсөн. Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 20-ны байдлаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийн 14.8 дахь заалтыг зөрчиж бусдын хөдөлгөөнд саад учруулсан, явган зорчигчийн зам болон чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон 19864 тээврийн хэрэгслийн зөрчлийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
Нийслэлчүүдийн 98.6 хувь нь I тундаа хамрагдлаа
“Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа ажлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 581 шинэ тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан. Гэрийн тусгаарлалтад 6597 хүн байна. Ойрын хавьтал 882 хүн бүртгэгдсэнээс 13 хүн эмнэлэгт хэвтсэн. Дархлаажуулалтын I тунд нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.6 хувь, II тунд 61.9 хувь нь хамрагдаад байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дархлаажуулалтын II тунг хэзээ хийж дуусахыг лавлахад НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Төлөвлөгөөгөөр зургадугаар сарын 3-нд дуусах ёстой. Хойшиллоо гэхэд зургадугаар сарын 10-нд нийслэлийн иргэдийнхээ II тунг дуусгахаар төлөвлөж байна” гэв. Хотын дарга “Дархлаажуулалтыг идэвхжүүлээрэй. Улаанбаатар хот ногоон бүс болох хэрэгтэй. Ингэж байж энгийн амьдралын горимдоо шилжинэ” гэсэн юм. Мөн Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис “Иргэдийн дунд дархлаажуулалтын II тунгаа хийлгэчихвэл халдвар авахгүй гэсэн ойлголт байна. Үүнээс болж халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөгүйгээс халдвар авах тохиолдол гарлаа. Гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх хэрэгтэй. Нийт хүн ам дархлаажуулалтад хамрагдаж байж, улсын хэмжээнд сүргийн дархлаа тогтоно” хэмээв.
Худалдаа, үйлчилгээний байгууллагын 90 хувь нь нээгдсэн
Тавдугаар сарын 22-ноос есөн худалдааны төв үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээснээр худалдаа, үйлчилгээний байгууллагын 90 хувь нь нээгджээ. Тэдгээрийн халдвар, хамгааллын дэглэмд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар танилцууллаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “8844 аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийснээс 784 зөрчил илэрлээ. 24 аж ахуйн нэгж, байгууллагад албан шаардлага хүргүүлсэн” гэсэн бол Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Тавдугаар сарын 22-ноос ресторан 00:00, хүнсний дэлгүүр 22:00 цаг хүртэл ажиллаж байна. Мөн амралтын газрууд гэр бүлийн хүрээнд үйлчилгээ үзүүлж байгаа” гэлээ.
Д.Сумъяабазар: Зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг нураах нь зүй ёсных ч
хуулийн хүрээнд ажиллах ёстой
Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нараас дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замыг хааж хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлөх, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгааг Хотын дарга асуусан юм. Хан-Уул дүүргийн хувьд зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгах арга хэмжээ авч байгаа аж. Дахин төлөвлөлтийн хүрээнд 3-4 байршилд тендер зарласан ч компаниуд сонирхдоггүй, материал ирдэггүй гэдгийг мөн хэллээ. Баянзүрх дүүргийн хувьд орц, гарц чөлөөлөх, зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгах ажлууд хийж байгааг танилцуулсан юм. Мөн Чингэлтэй дүүргийн хувьд иргэдийн амьдрах орчин саад болж байгаа, зөвшөөрөлгүй барьсан гарааш, байгууламжуудыг шат дараатай буулгах ажил хийж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Сүүлийн 30 жилийн хугацаанд зөвшөөрөлгүй, зориулалтын бусаар, өөрийн дураар барьсан байгууламж Улаанбаатар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна. Ийм барилга, байгууламжийг нураах нь зүй ёсны зүйл. Гэхдээ хууль, тогтоомжийн хүрээнд ажиллах ёстой шүү” гэдгийг сануулсан юм.
Төрийн албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамжийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийнхөө ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, төрийн албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах чиглэл өглөө. Мөн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, хүн хоорондын зай барих, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг сануулсан. Түүнчлэн барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулж ажиллахыг даалгасан юм.
Элс, хайрга, дайрга ачсан хүнд машин механизмын техникийн бүрэн байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг онцолж, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнд үүрэг болголоо. Мөн инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлэх, ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, нөхөн сэргээлтийг чанар, стандартын дагуу хийлгэхэд тогтмол хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС