УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнууллаа.
Тэрбээр урлагийн тайзнаа 36 жил тасралтгүй ажиллаж, 70 гаруй жүжиг, 30 гаруй кинонд туслах болон гол дүрийг бүтээж, Монголын тайз дэлгэцийн түүхэнд өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээсэн
Б.Нармандах 1984 онд УБДС-ийн Кино-драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгссөн. 1992 оноос одоог хүртэл тус театрын жүжигчнээр ажиллаж байна. Тэрбээр "Ижил хүйстэн" жүжгийн Лариса, "Тамгагүй төр" жүжгийн Цэцэр хатан, "Үгүйлэгдсэн хайр" жүжгийн Төгсөө, "Нүцгэн дурлал" жүжгийн хатагтай Карлье, "Саран хөхөө" жүжгийн Хатан, "Би эрчүүдийг хүснэ" жүжгийн Нараа, "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Гудул, "Диваажингийн хаалга" жүжгийн Эмэгтэй, "Оролмаа" жүжгийн Должин "Эдип" жүжгийн Шивэгчний дүрийг бүтээж, монголын теартын урлагт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.