Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт 21 дүгээр хорооны иргэд оролцсон бөгөөд олон жил хүлээсэн газар эзэмших гэрчилгээгээ иргэд энэ үеэр авсан юм. Тодруулбал тус хорооны “Ганцын задгайд” амьдардаг айлууд оршин суугаа газрынхаа гэрчилгээг авч чадалгүй олон жил болсон. Дүүргийн удирдлагууд болон УИХ-ын гишүүдэд санал хүсэлтээ ч хүргүүлж байсан. Тэгвэл тэдний хүсэлт биеллээ олж өнөөдөр ийнхүү газрын гэрчилгээгээ гардан авсан юм.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн 21-р хорооны Засаг дарга Н.Эрдэнэзаяа, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Бат-Өлзий нар оролцсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ:
“Өнгөрсөн жилээс хойш манай 21-р хорооны иргэд газрын асуудлаар хүсэлт хүргүүлж өнөөдөр шийдэгдэж байгаад баяртай байна. Иргэд өөрийн гэсэн газартай болно гэдэг нь баялагтай болж, цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулах боломж гэж би харж байна. 21-р хорооны хувьд дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудал байгаа учраас Засгийн газар, Нийслэлтэй хамтарч “Дарь-Эх дэд төвийн ажлыг хийхээр болсон. Ингэснээр иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдэгдэх боломжтой. 21-р хорооны хувьд хотын төвөөс 2-3км зайд байдаг хэрнээ өнөөдрийг хүртэл тог, цахилгааны асуудалтай байдаг. Энэ бүхнийг шийдэх болно гэжээ.
Иргэдийн хувьд дэмжсэн зөв зүйтэй ажил зохион байгуулж байгаад талархаж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.