Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр Баянзүрх дүүрэгт боллоо. Ковид-19 халдварын эсрэг хариу арга хэмжээг сайжруулах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгөх үүднээс шуурхай зөвлөгөөн зохион байгуулж байгааг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар онцолжээ.
Баянзүрх дүүргийн Энэрэл эмнэлэг, Өргөө 2 оюутны дотуур байр, Улаанбаатар сургуулиуд дээр нэмэлтээр ор дэлгэжээ. Нийт 350 ор гаргах боломжтой юм байна. Хариу арга хэмжээний хүрээнд иргэдтэй хамтарч ажиллах уриалга гаргасны дагуу олон иргэн өнөөдөр 06.00 цагаас эхлэн сайн дураараа ажиллаж эхэлжээ. Эдгээр иргэд 14 хоногийн турш байрлан ажиллахдаа өдөрт 50 мянган төгрөгийн цалин авах юм. Баянзүрх дүүргийн онцгой комисс цаашид халдвартай иргэдээ гэрээр эмчлэхгүй, эмчийн хяналт дор дээрх 3 байршилд тараан хэвтүүлэх юм байна.
Дүүргийн засаг дарга Н.Баярмөнх дархлаажуулалт өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьтай байгааг танилцуулаад нөхцөл байдал хүндэрвэл Тамгын газрын байрыг халдвар авсан иргэдийг эмчлэх зорилгоор ор дэлгэж, түр эмнэлэг болгоно гэв.
Мөн иргэдээ мэдээллээр хангах ялангуяа онош батлагдсан тохиолдолд хаана хандах, гэртээ тусгаарлагдаж байгаа иргэд ямар эмчилгээ хийлгэх, хэрхэн зөвлөгөө авах чиглэлээр мэргэжлийн байгууллагын ажилтнуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан гэв.