Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч З.Төмөртөмөө,” Таван толгой түлш” ХК-ийн захирал М.Ганбаатар нар Төв аймаг дахь Дундын бүсэд ажиллалаа. Одоогоор тус дундын бүсэд 130 мянган тонн угаасан нүүрсний нөөц байна. Хэдийгээр хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байгаа ч хаврын жихүүн өдрүүдэд нийслэлчүүдийн аятай тухтай амьдрах, агаарын чанарыг улам бүр сайжруулах ажил нэг цаг, минут ч саатах учиргүй. Тиймээс нөөцийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.
Тодруулбал, нөөцийг тогтмол нэмэгдүүлэх үүднээс энэ сарын 23-наас эхлэн Өмнөговь-Улаанбаатарын чиглэлд тээвэрлэлтийн ажлыг хуваарийн дагуу эхлүүлэхээр болжээ. Ингэснээр “Таван толгой түлш” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, тасралтгүй ажиллах боломж бүрдэх юм. Цаашид сайжруулсан шахмал түлшийг улам бүр боловсронгуй, чанартай, хүртээмжтэй болгох, ирэх өвөлд бүх талаар бэлэн байхад энэхүү Төв аймаг дахь дундын бүсийн ач холбогдол өндөр юм.