Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор иргэд гэртээ ариутгалыг боломжоороо хийж байгаа ч, хашаа хороон дахь цэвэр бохирын асуудалдаа төдийлөн анхаарал хандуулдаггүй улмаас, хөрсний бохирдол үүсээд удаж байгаа юм. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд 310 мянга гаруй нүхэн жорлон байдаг. Тэнд агуулагдаж буй хорт бодисууд халуунд ууршиж, бороонд хальж, хөрсний бохирдол болон халдварт өвчнүүдийг үүсгэдэг. Түүнчлэн худаг болон бие засах газар нэг хашаанд байдаг учир бохир нь хөрсөнд нэвчиж, эргээд бохирдсон усаа хэрэглэдэг. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд СХД-ийн захиалагчийн алба энэ онд 200 айл өрхийн нүхэн жорлонг шинэчлэн 2024 он хүртэл 10 мянган айл өрхийг стандартад нийцсэн бие засах газартай болгох ажлыг үнэ төлбөргүйгээр шийдэж өгч буйг бид өмнө нь мэдээлэлж байсан билээ. Тэгвэл энэхүү ажил Схд-ийн 41-р хороонд үргэлжлэн хийгдэж байна.Тус хороонд 20 айлыг сонгож байгаль орчинд ээлтэй бие засах газрыг суурилуулж өглөө. Хязгаарлагдмал усны хангамжтай нөхцөлд гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах хамгийн зөв алхам нь эко жорлон бий болгох. Улаанбаатар хотын хөрснөөс дээж авч судлахад 88 хувьд нь нянгийн бохирдол илэрч, хөрс их хэмжээгээр бохирдсон нь тогтоогдсон байдаг. Үүний гол шалтгаан нь уламжлалт нүхэн жорлон юм. Эрсдэлээс сэргийлж эрүүл байхын тулд эко ариун цэврийн байгууламжийг сонгохыг айл өрх бүрт зөвлөж байна.