Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.
-Үе үеийн нийслэлийн Засаг дарга нар хийсэн бүтээн байгуулалтаараа өөрийнхөө нэрийг тамгалсан байдаг шүү дээ. Хотын дарга Д.Сумъяабазар гэдэг хүний амбиц нь юу вэ?
-Нийслэл Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахын төлөө үе үеийн Хотын дарга нар хичээж, ажиллаж ирсэн. Мэдээж хамт ажиллаж байгаа удирдлагын баг, хамт олон гэдэг чухал. Хотын дарга нарыг газар, барилгын зөвшөөрөл гээд янз бүрийн зүйлтэй нэр холбодог. Ер нь удирдлагын баг хэр ажиллаж байна вэ гэдгээс олон зүйл шалтгаалдаг. Газар, хэлтсийн дарга нар өндөр ёс зүйтэй, шударга ажиллах ёстой. Улаанбаатар хотод оршин сууж буй 1.5 сая иргэний нийгэм, эдийн засгийн асуудал гээд бүх зүйлийг хариуцаж, хотын удирдлагын баг ажиллаж байгаа. Хотын өнөөгийн нөхцөл байдалд хаа хаанаа хариуцлага ярих хэрэгтэй. Туул гол, Богд ууланд газар олгочихсон байна, асуудлыг шийдээч гэдэг. Гэтэл хот эрх зүйн хувьд ямар ч чадамжгүй. Туул гол, Богд уулаа хамгаалж чаддаггүй. Төсөв, санхүүгийн асар хүнд нөхцөлд 2001 оноос хойш Хотын дарга нар ажиллаж ирсэн юм байна лээ. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилж найруулах зүй ёсны зайлшгүй шаардлага тулгарсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-нд батлагдсан. Үүний дараа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдан, үүнийг дагаж Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль орсон юм. Нэгжийн хуулиар орон нутагт томоохон өөрчлөлт орохоор болсон. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тус хууль мөрдөгдөж эхэлнэ. Энэ хууль эдийн засгийн бие даасан байдал, эрх зүйн чадамжийг бодитоор бий болгох, засаг захиргааны реформ хийх бололцоог нээж өгсөн. Ийм гурван суурь, тулгуур зарчмыг нэгжийн хуульд тусгасан учраас дагаад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа.
Үе үеийн Хотын дарга нар хотоо сайхан болгох, өөрийн гэсэн хийж, бүтээсэн ажлуудтай байхыг хүсдэг, түүндээ хүрэхийн төлөө зорьдог. Гэтэл дээр хэлсэнчлэн эрх зүйн хувьд чадамжгүй байдаг. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-ын гишүүдтэйгээ хамтран ажиллаж, УИХ-ын дарга дэмжиж, Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулж, нийслэлийг хөгжлийн бодлого, санхүү, мөнгө, гадаадын зээл, тусламжаар нь дэмжих гэх мэт зорилгоор боловсруулсан. Улсын хүн амын тал нь амьдарч байгаа Улаанбаатар хотын хөгжлийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага урган гарч байна. Тиймээс ч Засгийн газрын оролцоо сайн байх ёстой.
Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэгдүгээрт, хотоо хурдны замтай болгомоор байна. Ийм бололцоо, шийдэл бий. Хоёрдугаарт, метроны асуудал яригдаж байгаа. Бид захиалагч учраас эхлээд ямар төрлийн метротой болох вэ гэдгээ зураг төслийн компаниудтай ярилцаж, хэдэн метрийн гүнд метро байгуулах вэ гэдгээ судалгаан дээр суурилж гаргах ёстой. Метротой болох ёстой. Ийм боломж, бололцоо бий. Хөрөнгө босгох арга зам байна. Нэгжийн хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд ч олон улсын түвшинд бонд гаргах гэх мэт асуудал тусгагдаж, Ажлын хэсэг дээр хэлэлцэгдээд явж байгаа. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг задлах ажлыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй хамтарч, далайцтай эхлүүлээд байна. Дэд төвүүд дээр суурилсан хөгжлийн бодлого хэрэгтэй. Улаанбаатар хот дагуул хоттой болох зохицуулалтыг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд мөн оруулж байгаа. Дагуул хот Улаанбаатар хотын хөгжлийн нэг гол цэг байна. Дагуул хотоо дагасан хөгжлийн ямар концепц гаргах уу, ямар хуулийн зохицуулалт байх вэ гэхээр Дагуул хот гэсэн дангаараа хууль байж болно. Дэлхийн том төслүүд бол хууль байдаг юм билээ. Жишээ нь, Газрын тосны үйлдвэрийг дэмжих тухай хууль гэж гарсан шиг нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах хүрээнд Дагуул хотыг дэмжих тухай хууль гэж байж болно. Дээр дурдсан ажлуудыг эхлүүлсэн, хийсэн Хотын дарга байхыг хүсэж байна. Орчин үеийн шийдэл бүхий Улаанбаатар хотыг босгохын төлөө, суурийг нь зөв тавихын төлөө, засаг, захиргааны нэгжид бугласан идээ, буглааг шахаж, хүний нөөцийн бодлогоо орчин цагт нийцүүлэн төлөвлөж, шударга, чадварлаг, хүчтэй залуучуудаар багаа бүрдүүлэх ёстой. Хотын гадаад хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргамаар байна. Улаанбаатар хот томоохон бүтээн байгуулалтаа өөрөө хэрэгжүүлж чаддаг эрх зүйн орчныг бий болгоод, чадамжтай хүний нөөцтэй болох хэрэгтэй. Тэгэхээр хүний нөөцөд шинэчлэл хийнэ. Шилдэг, чадварлаг залуучуудыг авч ажиллуулахын төлөө ажиллана. Томоохон төслүүдийг эхлүүлнэ. 2040, 2050 онд Улаанбаатар ямар хот байх ёстой вэ гэдэг хөгжлийн зургийг харж, тэр ирээдүйн хотын төлөө ажиллах амбицтай байна.
-Та Хотын даргаар томилогдоод хотын хөгжил, бүтээн байгуулалтад УИХ, Засгийн газрын анхаарлыг хандуулж, томоохон дэмжлэг авахаар боллоо. Үүнд хувь хүний ч юм уу, улстөрчийн зангараг байна уу гэж харж байна. Шалтгаан нь яг юу вэ?
-Хувь хүний өгөгдөл талаасаа мэдээж суурь хүмүүжил байгаа. Би эмээ дээрээ өссөн, ээж, аав дээрээ ирж, очдог хүүхэд байсан. Хүмүүжил маань зөв байсан байх гэж боддог. Нэг ажлын ард гарахын төлөө хичээдэг, зүтгэдэг зантай. Бууж өгөхийг хүсдэггүй. Ер нь арга замгүй зүйл гэж байдаггүй. Бүх зүйлд арга зам, гарц байдаг. Болохгүй байгаа зүйлийг болгохын төлөө л хичээдэг. Хэдэн арван талаас нь харахаар заавал гарц байдаг.
Мэдээж надад улс төрийн капитал байгаа. 2008 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш анхан шатны нэгжээс эхэлж ажилласан. Дүүргийн намын үүр, хороо, хэсэг дээр хүртэл ажиллаж байлаа. Залуучуудыг хороо, хэсэг дээр дөрвөн жил ажиллуулж, бодит амьдралыг мэдүүлмээр байгаа юм. Ялангуяа гадаадад төгсөж ирсэн, боловсролтой, зөв амбицтай явж байгаа залуучуудыг анхан шатанд нэг, хоёр жил ажиллуулаад, бодит амьдралыг мэдрүүлэх хэрэгтэй санагддаг. Дараа нь Монгол Улсынхаа чиглэл, чиглэлийн салбарт ажиллавал илүү зөв гэж боддог. Хүнтэй харьцах харьцаанаас эхлээд, хүн сонсох гэдэг их чухал. Би буруу зүйлд зарчмын хатуу байр суурьтай ханддаг. Буруу зүйлийг зөв болгож, ард нь гарахын төлөө хичээнгүйлэн зүтгэдэг. Алдаа, оноотой байсан ч сүүлд нь алдаагаа дүгнүүлэхийг хүсдэг. Замын голоос ухрахыг хүсдэггүй чанар байдаг. Үүнтэй л холбоотой болов уу.
-Улсын төсвөөс нийслэлийн хөгжилд зориулж байгаа 420 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Улаанбаатар хотын шуудын орлого хүн амын орлогын албан татвар, бусад татвараас бүрддэг. Тэрийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Ер нь “Оюу толгой” компанитай дайх орлогыг нийслэл төвлөрүүлдэг гэсэн үг. Энэ эх үүсвэрийг л хотод нь үлдээгээд өгөөч ээ гэдэг санаачилгыг анх гаргасан. Ингээд Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих зорилгоор улсын төсвөөс жилд 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүйгээр санхүүжилт олгох шийдвэр гарсан. Энэ 420 тэрбум төгрөгийг зөвхөн замын түгжрэлд зарцуулахгүй. Түгжрэл нь хот байгуулалт, төлөвлөлт, нийтийн тээвэр, хувийн автомашины хэрэглээ гээд олон зүйлээс шалтгаалж байна. Түгжрэлийг бууруулахын тулд төвлөрлийг хэрхэн задлах вэ, дэд төвүүдээ хэрхэн хөгжүүлэх вэ гээд олон ажил байгаа. Хотын төвд зургаан давхраас дээш өндөртэй барилга бариулахгүй гэсэн бодолтой байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсаны дараа үүнийг дагалдах хуулиудаар зааж өгнө. Тэгж байж дэд төв, дагуул хот руугаа хотоо тэлэх зэрэг үе шаттай ажлууд хийнэ. Хотын төвдөө өндөр орон сууц, өндөр оффисын барилга бариад байх юм бол энэ түгжрэл, төвлөрөл, замын ачаалал буурахгүй.
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсан байдаг. Тухайн үеийн хүн ам 600 мянга байсан бол одоо 2.5 дахин нэмэгдэж, 1.6 сая болсон. 27 жилийн өмнөх хуулиар зохицуулж байгаа учраас магадгүй хотын хөгжил удаашраад байгаа юм болов уу?
-Тантай санал нэг байна. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа нэг их ашиглаж чадаагүй юм байна лээ. 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж байна. УИХ-ын чуулган, Засгийн газарт Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг Ц.Нямдорж сайд, эсвэл Х.Нямбаатар сайд танилцуулж байгааг харж байгаа байх. Хотын дарга өөрөө асуудлаа танилцуулдаггүй. Тэгээд хотод олон яамны оролцоо их. Өөрсдөө оролцоод болохгүй болохоор асуудлаа хот дээр хаячихаад, хариуцлагаас сугардаг. Энэ бол шударга бус. Тогтолцоо нь ийм байгаа учраас ингээд яваад байна. Тийм учраас энэ тогтолцоог зөв болгох ёстой. Зөв болгохын тулд Хотын дарга хэлэлцэх асуудлаа Засгийн газрын хуралдаанд, УИХ-д өөрөө танилцуулдаг байх ёстой.
-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдвал хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Хууль батлагдсанаар ямар давуу талууд бий болох вэ?
-Хотод эдийн засгийн хувьд маш олон давуу тал бий болно. Зарим салбарын тодорхой чиг үүргүүд нь хотод орж ирнэ. Жишээ нь, цахилгаан, эрчим хүч, дулаан гээд л яриад байдаг. Бүх ачаалал хот дээр явдаг. Улаанбаатар цахилгаан түгээх болон Улаанбаатар дулааны сүлжээ компанийн удирдлагууд Засаг даргын зөвлөлийн хуралд байнга суудаг. Тэгсэн мөртлөө яамны харьяа ч юм шиг, хотынх ч юм шиг явсаар ирсэн. Дунд нь шахааны бизнесийг цэцэглүүлдэг. Нэгжийн хуулийн 8.3-ыг үндэслээд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хэсэгчилсэн инженер, дулаан, цахилгаан, ус түгээлт нь Улаанбаатар хотод хамаарах ёстой. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байх. Бид энэ хугацаанд бонд гаргах, концесс хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангана. Давхар засаглалын бүтцээ бэлдэх, эрүүл мэндийн салбараа дэмжих гээд ажил их байна. Энэ мэтчилэн нийгэм, эдийн засаг, хотын иргэд рүүгээ чиглэсэн зөв бүтцийг төлөвлөж байгаа. Улаанбаатар хот бие даасан эдийн засагтай болох эхний алхмаа тавьж байна. Энэ хууль бол Улаанбаатар хотын 1.5 сая иргэний эрх ашгийн үүднээс гарч байгаа. Хууль батлагдсанаар хотод тулгамдаж байгаа түгжрэл, нийтийн тээврийн парк шинэчлэл, зам засвар, үйлчилгээ гээд олон асуудал шийдэгдэнэ. Мөн хувийн хэвшлээ дэмжих чиглэлээр эрүүл, аюулгүй байх гэсэн шаардлагыг тавиад, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг нь олгох ёстой. Иргэдийн бизнес, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих чиглэлийг барих зохицуулалт хийхээр бэлдэж байгаа. Нэг ёсондоо төрийн дарамт эрс багасна гэсэн үг. Хоёрдугаарт, санхүүгийн чадамжийг бий болгоно. Ажлын байр олноор бий болно. Ирэх жилүүдэд том бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Дэд бүтцийн ажил хийгдэнэ. Манай хотод цоо шинэ эерэг нөхцөл байдал үүснэ гэж харж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: ӨНӨӨДӨР СОНИН