Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог орчмын авто замд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж байна.
Тасганы усан сан болон Умард дэд станц орчмын гэр хорооллын суурьшлын бүсээс хур борооны үед үерийн усаар их хэмжээний хайрга, шороо зөөвөрлөгдөн Баянбүрдийн аюулгүйн тойрогт нэвтэрдэг. Улмаар 6-р хорооны орон сууцны гадна зам талбай, подвалыг усанд автуулах, лаг шавраар бохирдуулах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг.
Иймд тус асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Геодези, усны барилга байгууламжийн газар бэлтгэл ажлаа ханган, авто зам дагуух шугам сүлжээ угсралтын ажлыг эхлүүлжээ.
Долдугаар сарын 14-18-ны хооронд 150.7 метр газар шугам угсарч, авто замын хөндлөн сэтэлгээг 29.4 метр урт газар хийж, ф600 ган хоолой суурилуулсан. Нийт 165 метр урт шугам угсарч, шүүрт 10 худаг, үзлэгийн таван худаг угсарсан байна. Ажлын явц одоогоор 36 хувьтай байгаа аж.
Баянбүрдийн аюулгүйн тойрог орчимд ус зайлуулах шугам хийснээр авто замын насжилт нэмэгдэж, орчны тоосжилтыг бууруулахаас гадна нийгмийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг асуудлууд шийдэгдэх юм гэж Геодедзи, усны барилга байгууламжийн газраас мэдээллээ.