Зуны олимпын XXXII наадамтай зэрэгцэн Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ чуулган Токио хотод болж байна. Чуулганы эхний өдрийн хуралдаанаар 100 гаруй жилийн түүхтэй Олимпизмын уриаг өөрчилж,зарим спортын төрлийг олимпын хөтөлбөрт нэмэхээр тогтлоо.
Олимпын уриа өмнө нь “Faster, Higher, Stronger буюу Хурднаас хурдан, Өндрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй” гэж байсныг “Хамтдаа хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй” болгон өөрчилжээ.
“Баг хамт олонгүйгээр чи илүү хурдан, өндөр, хүчтэй байх боломжгүй гэдэгт урианы гол утга оршино” гэж ОУОХ-ын албан ёсны төлөөлөгч мэдэгдлээ. Пьер де Кубертен санаачилж олимпын конгресс баталсан хуучин уриаг 1924 оноос хэрэглэж ирсэн юм.
Чуулганаар мөн олимпын 2026 оны өвлийн Олимпын наадмын хөтөлбөрт уулын цанын төрлийг нэмж, самбо бөх, лакросс, кикбокс, таиланд бокс, айсшток, хөгжөөн дэмжигчдийн төрлийн спортын холбоодыг ОУОХ хүлээн зөвшөөрлөө.