Израйль улс нь коронавирусийн эсрэг дархлаажуулалтаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. Тус улсын 9.3 сая хүн амын 57 гаруй хувь нь Pfizer/BioNTech-ийн вакцины хос тунд хамрагдаад байгаа.
Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан 60-аас дээш насныхныг гурав дахь тунд хамруулах болсноо Израйлийн ерөнхий сайд долдугаар сарын 29 ны орой зарлажээ. Ингэснээр Израйль иргэдээ Pfizer вакцины гурав дахь тунд хамруулж эхэлсэн дэлхийн анхны улс болж байна.
Тэрээр хэлэхдээ“Вакцин нь аюулгүй мөн өвчний хүндрэл, эндэгдлээс хамгаалдаг нь нотлогдсон юм. Ханиад томууны вакцин шиг тодорхой хугацааны давтамжтай тарих хэрэгтэй боллоо. Тиймээс энэ орой вакцины гурав дахь тунг тарих үйл ажиллагаа эхэлж буйг зарлаж байна” гэж Израилийн ерөнхий сайд Нафтали Беннет телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн байна. Тус улсын Ерөнхийлөгч Исаак Херцог долдугаар сарын 30-ны өдөр гурав дахь тунгаа тариулж, дархлаажуулалтын аяныг эхлүүлэхээр болжээ. Харин нийт ахмадуудыг энэ долоо хоногийн Ням гарагаас эхлэн хамруулна гэдгийг мэдэгдсэн юм.