АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мужийн эрх баригчдаа шинээр вакцин хийлгэсэн хүмүүст 100 долларын урамшуулал олгохыг уриалжээ. Түүнчлэн тус улсын хамгийн том ажиллах хүч болох 2 сая орчим хүнтэй АНУ-ын холбооны албан хаагчдад вакциндаа хамрагдах хатуу шаардлага хүргүүлсэн байна. Энэхүү шаардлагын хүрээнд ажилчид вакцин хийлгэсэн гэрчилгээгээ үзүүлэх, эсвэл заавал шинжилгээ хийлгэж, маск зүүж ажиллах талаар тусгажээ. Тэрээр цагаан ордонд мэдэгдэл хийх үеэрээ “Коронавирусийн дельта хувилбар нөхцөл байдлыг улам дордуулж байна. Нас барах эрсдэлгүй байсан иргэд ч амиа алдаж байгаа учир энэхүү арга хэмжээг шинээр тогтоож байна” хэмээн хэлжээ. Одоогоор АНУ-ын иргэдийн тал хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна.
Ерөнхийлөгч Байден "Мөнгөн урамшуулал нь вакцин хийлгэсэн америкчуудад шударга бус мэт санагдаж болох ч илүү олон хүнийг вакцинд хамруулж чадвал бид бүгдэд ашиг тусаа өгөх болно" гэж хэлсэн байна. Мужууд урамшууллын мөнгийг Америкийг аврах төлөвлөгөө бүхий 1.9 их наяд долларын төсвөөс санхүүжүүлэх гэнэ.