УИХ-ын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтран Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Тус хэлэлцүүлгийг наймдугаар сарын 10 буюу маргааш 10.00 цагт Төрийн ордонд танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулах юм байна.
Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн долоодугаар сарын 6-нд байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын Н.Учрал, гишүүдээр Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллаж байна.
Дээрх хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй хүмүүс энд дарж бүртгүүлэх боломжтой.