Европ тивийн түүхэнд хамгийн өндөр халалт Италийн Сицили аралд бүртгэгдсэн байж болзошгүйг өчигдөр орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
Тус арал дээр саяхан Цельсийн 48.8 хэм хүрч халсан байна. Уг баримтыг Дэлхийн Цаг Уурын Байгууллагад илгээж, баталгаажуулахаар болжээ.
Одоогоор Европ тивд бүртгэгдсэн хамгийн өндөр халалт нь 1977 онд Грекийн нийслэл Афинд Цельсийн 48 хэм хүрсэн тохиолдол юм.
Сүүлийн өдрүүдэд Италийн өмнөд нутгаар хүчтэй халж байгаа нь Африк тивээс шилжиж ирсэн Люсифер нэртэй агаарын урсгалтай холбоотой аж.
Люсифер ойрын өдрүүдэд Италийн умард хэсэг рүү шилжиж, нийслэл Ром зэрэг томоохон хотуудыг халаах төлөвтэй байна.
Хэт халалтын улмаас Италийн өмнөд хэсэгт ой хээрийн түймэр гарсаар байна. Сицили, Калабриа мужуудад сүүлийн 12 цагийн дотор гал унтраах 300 гаруй ажиллагаа явуулснаа Италийн онцгой байдлын алба Лхагва гарагт мэдээлжээ.