Ямайкын тамирчин Хансл Парчмент өнгөрсөн пүрэв гарагт Токио2020 олимпийн наадмын 110 метрийн саадтай гүйлтийн төрөлд түрүүлж, алтан медаль хүртсэн байна. Тэрээр саяхан сошиал хуудсандаа “ Олимпийн алтан медаль хүртэхэд нь ихээхэн тус болсон эмэгтэйн талаар “ ярьжээ. Парчмент Олимпийн хотхоноос тэмцээн болох стадион руу явахдаа буруу автобусанд суусан бөгөөд буцаж явах унаагүй болж, тэмцээнээсээ хоцрох өндөр магадлалтай болсон байна. Энэ үед Парчмент нэгэн сайн дурын ажилтанд хандаж, унаа олж өгөхийг гуйсан бөгөөд ажилтан түүнд туслах ямар ч боломжгүй байсан тул хувиасаа таксины мөнгө зээлжээ.
Тиана хэмээх тэр эмэгтэйн ачаар Парчмент тэмцээндээ хоцролгүй очсон бөгөөд түрүүлж, олимпийн алтан медалийн эзэн болсон байна.
Ямайкын тамирчин энэ түүхээ өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр сошиал хуудсандаа хуваалцаж, тус болсон Тианад талархал илэрхийлжээ.
Дараа нь тэр Тианаг олж уулзаад алтан медалиа үзүүлж, Ямайкын багийн өмсгөлийг бэлэглэж, зээлсэн таксины мөнгөө буцааж өгсөн байна.