Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 3-р хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр нар сүүлийн үед гарч байгаа соёлын өвийн хулгай, хадгалалт хамгаалалтын асуудлаар мэдээлэл хийнэ.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 3 дугаар хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр "2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг хуульчлан оруулж өгсөн. Тухайн төрлийн гэмт хэргийн үйлдлийн арга нь мөнгө угаах гэмт хэргийн үйлдэлтэй төстэй байх ба үүнээс гадна хулгай, залилан, булш бунхан, хиргисүүр ухаж сүйтгэх, тэдгээрээс гарсан эд зүйлийг улсын хилээр давуулан гаргаж худалдан борлуулах хамаарна.
Гэмт хэрэг үйлдлэгч нар нь ихэвчлэн эртний эдлэлийн ченжүүд гэх тодотголтой иргэд, энэ төрлийн гэмт хэргийг өмнө нь үйлдэж, удаа дараа ял шийтгүүлж байсан хүмүүс байгаа бол захиалагч нар нь гадаад улсын иргэд байна. Ялангуяа манай улсад цагаачлан амьдарч буй, удаан хугацаанд оршин сууж байгаа иргэдийн захиалгатай хийсэн нь илэрч байна" гэв.