Хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй СХД-ийн захиалагчийн алба орон нутгийн өмчит тооцоот үйлдвэрийн газрын гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажил энэ удаад 2-р хороонд үргэлжлэн хийгдэж байна. Уг төсөл 2021 онд СХД-ийн гэр хорооллын бүсийн 25-н хороодын гурван зуун тавин өрхөд үнэ төлбөргүй хийгдэх юм байна. Эко бие засах байгууламжийн тус бүрийн үнэ нь 1сая 650 мянган төгрөгийн өртөгтэй байх бөгөөд 2-р хорооны 10 айлд үнэ төлбөргүйгээр суурилуулах ажил үргэлжилж байна.
Хөрсний бохирдлоос үүдэн 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг гэсэн судалгаа байдаг. Мөн түүнчлэн ил задгай жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Гэр хорооллын нэг айл л гэхэд уламжлалт нүхэн жорлонг15-с дээш жил ашигласан байдаг байна Энэ нь тухайн орчны хөрс бохирдох хамгийн том шалтгаан болж байдаг юм байна.
Хөрсний бохирдлоос ангижрах хамгийн зөв бөгөөд хялбар шийдэл бол гэр хорооллын айл өрх бүр соруулдаг эко бие засах байгууламжийг нийтээрээ сонгон ашиглах нь зүйтэй юм. Стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн суурь өндөр нь 2м20 см байх бөгөөд агааржуулалтын хоолой болон муу ус асгах асуудлыг давхар шийдэж өгсөн давуу талтай юм. Мөн жилдээ 1-2 удаа соруулж ашиглах юм.