Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас дараах мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр: Улаанбаатар хотод өнөөдөр нас баралт бүртгэгдээгүй. Халдварын 70-80 хувь нь орон нутагт бүртгэгдэж байна. Улаанбаатарт 20-30 хувь нь бүртгэгдсэн. Хэдий нийслэл дэх нөхцөл сайжирч байгаа ч орон нутагт байдал хүнд байна.
Орон нутаг дундаа Баян-Өлгий аймагт нийт халдварын 30 гаруй хувь нь бүртгэгдэж байна. Тус аймагт зуны амралтаар 25 мянга орчим хүн очсон. Мөн энд олон нийтийг хамарсан маш олон арга хэмжээ болсон. Ховд аймгийн хувьд мөн даншиг наадам болсон нь халдвар нэмэгдэх шалтгаан болсон байна. Өдөрт 100-гаас дээш тохиолдол болж нэмэгдлээ. Баян-Өлгий аймаг мөн нийт хүн амын вакцинжуулалтаараа хамгийн бага нь. Дархан-Уул аймаг ч анхаарал татна.
Гаднаас ирж байгаа вакцинд хамрагдсан хүмүүсийн гэрээр долоо хоног, вакцингүй иргэдийг 14 хоног тусгаарлаж байгаа. Гаднаас ирсэн хүмүүсээс дельта плас хувилбар илрээгүй.
Синофарм, Синовак вакцин тарьсан ихэнх улсад вакцинжуулалтын эхэн үед халдварын давлагаа үүссэн. Энэ долоо хоногт нийт эерэг илэрч байгаа шинжилгээний 10-20 хувьд нь мутацийг илрүүлэх шинжилгээ хийж буй. Нийт үзсэн шинжилгээний 11,6 хувьд дельта вирус илэрсэн. Олон улсын нислэгээр ирсэн вакцин тариулсан иргэдээс халдвар илрэх тохиолдол байна.