Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаас аймаг, сумдын дарга нарт малчдын өвөлжилийн бэлтгэл ажлыг хангуулахыг үүрэг болгожээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд ургац хураалт, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, байгаль цаг уурын болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцож ажиллахаар болсон байна. Аймаг, сумын түвшинд бүрдүүлбэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бэлтгэж, шаардлагатай цэгүүдэд байршуулах. Мөн хадлан бэлтгэх боломжгүй сумдын аюулгүй нөөцийн өвсийг хадлангийн нөөц талбай бүхий орон нутгийн удирдлагатай харилцан тохиролцож хадлангийн талбай ашиглах гэрээ хэлцлийг хийх ажлыг зохион байгуулах. Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутаг, Хилийн зурвас газар, Улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тооны судалгааг урьдчилан гаргаж, холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрөл авч малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шимэгчлэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малыг отроор өвөлжүүлж хаваржуулах ажлыг зохион байгуулах ажлыг үүрэг болголоо.