“Талибан” хөдөлгөөн босогчид өнгөрсөн Ням гарагт Афганистаны нийслэл Кабул хот руу нэвтэрч, Засгийн газрын байрнуудыг хяналтдаа оруулсан. Тэд Афганистаны Засгийн газрын эсрэг тэмцэлдээ ялалт байгуулснаа зарлаад байгаа билээ. Сүүлийн үед цахим орчинд "Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын цэргийн алба хаагчид халдлагад өртсөн", "Афганистанаас 640 хүнийг нүүлгэн шилжүүлсэн нисгэгч эмэгтэй “Монгол" гэх зэрэг ташаа мэдээлэл цацагдаад буй юм. Тэгвэл одоогийн байдлаар Афганистан улсад Монгол Улсын иргэн байхгүй гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн юм. “Афганистан улсад явагдсан олон үндэстний цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2003 оноос эхлэн үүрэг гүйцэтгэсэн ба энэ ажиллагаа 2021 онд дуусгавар болсон юм. Уг ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 7100 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд сүүлчийн ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн энэ оны тав болон зургаадугаар сард эх орондоо ирсэн” аж.
Эх сурвалж: ГХЯ