Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болж байгаа билээ.
Тодруулбал бөхчүүд Э.Оюунболдыг Улсын аварга цолтой барилдаж байгааг эсэргүүцсэн юм. Тус барилдааны гурвын давааны эхэнд бөхчүүд ам авахгүй удааширсан нь үүнтэй холбоотой. Учир нь гурван шатны шүүх сэргээшийн асуудалд холбогдсон Э.Оюунболдын аварга цолыг нь хураах шийдвэр гарсан ч Ерөнхийлөгч зарлигаа буцаагаагүй байгаа юм.
Энэ талаар Э.Оюунболд хэлэхдээ:
- Ерөнхийлөгч зарлигаа буцаасан бол би Аварга цолоороо барилдахгүй байж болно. Гэхдээ Ерөнхийлөгчийн тамгын газраас ийм зарлиг гаргаагүй учир би Аварга цолоороо барилдсан. Үндэсний бөхийн холбоо ч намайг Аварга цолтойгоор бүртгэсэн. Цолыг минь албан ёсоор хураагаагүй учир би аварга цолны эрхтэй гэж бодож байна. Хэрвээ ЕТГ-аас зарлигаа буцаачихвал надад эсэргүүцэж зүйл байхгүй” гэлээ.
Харин Э.Оюунболд тавын даваанд Өмнөговь аймгийн арслан Э.Нямаад өвдөг шороодсон билээ.