Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Самбалхүндэвийн оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өчигдөр хэлэлцэв. Төслөөр нийт 10 га газрыг хамруулан дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв зэргийг бариж байгуулах юм.Тэргүүлэгчдийн хуралдаанаас уг тогтоолыг дэмжсэн бөгөөд, Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 15 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан Самбалхүндэвийн оршуулгын газрыг жагсаалтаас хасагдсан тооцох заалтыг нь түр хойшлуулав. Мөн НИТХ-ын нэгдсэн хуралдаанд тус оршуулгын газарт цэцэрлэгт хүрээлэн баригдахаас бусад газрыг хэрхэн ашиглах талаарх хэсэгчилсэн төлөвлөгөөг оруулж ирэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
Самбалхүндэвийн буюу олны хэлж заншсанаар 70 давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдсан. 1987 онд хаагдсан боловч иргэд 2000-аад оны эхэн үе хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн юм.
Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн 7, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга, Зурагт зэрэг гэр хорооллын дунд оршдог. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолд нийт 73.9 га талбайтай, нөөцгүй гэж тусгасан байна. 2015 онд Улаанбаатар хотын ЗАА-наас хийсэн тооллогоор тус оршуулгын газарт 47.3 мянган шарил байгаагийн 15.6 мянга нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байсан. Харин 2021 оны тооллогоор нэр нь тодорхойгүй булш, бунхны тоо 20 орчим хувиар нэмэгджээ.