Монгол Улсын нэр бүхий иргэд улс хоорондын шуудан илгээмж ашиглан АНУ-аас 500 сая орчим төгрөгийн үнийн дүнтэй метамфетамин буюу сэтгэцэд нөлөөтэй бодис захиалан хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг хоёрдугаар сард гарсан юм. Хэргийн тухай ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мээдээлэхдээ “19-32 насны гурван этгээд их хэмжээний мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг тээвэрлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь илрүүлэн, таслан зогсоосон. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.2, 18.5.3-т зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн саатуулан шалгаж байна" хэмээн мэдээлж байсан юм. Эл хэргийн шалгалтын ажиллагаа дуусжээ. нийслэлийн прокурорын газраас их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилготой улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь тогтоогдсон Т гэгчид ЭХТА-ийн 18.5.3, 20.7.1, 20.7.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хуралдааныг наймдугаар сарын 23-ны даваа гарагийн 13:30 цагт товлосон ч есдүгээр сарын 15-ныг хүртэл хойшлуулжээ.