Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан баруун аймгуудад хийж буй албан томилолтоороо Завхан аймагт үргэлжлүүлэн ажиллаж байна. Наймдугаар сарын 22-ны байдлаар тус аймагт коронавируст халдварын 2725 тохиолдол бүртгэгдсэнээс 2336 нь эдгэрч үлдсэн 357 хүн аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумдын эрүүл мэндийн төвүүдэд эмчлүүлж байна. Завхан аймгийн хувьд коронавирусын халдвартай иргэнийг Улаанбаатар хот руу зөөвөрлөхгүйгээр хөдөө орон нутагт анх удаа эмчилсэн юм. Түүнчлэн Завхан аймгийн вакцинжуулалтын явц харьцангуй хурдтай байгаа бөгөөд вакцинд хамрагдах ёстой нийт хүн амын 83.6 хувь нь бүрэн тундаа хамрагдсан байна. Мөн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд багш, ажилтнуудаа бүрэн вакцинжуулсан бөгөөд 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулаад дуусаж байгаа аж.