ICETOP хамтлагийн “Монгол” пянзны нээлт маргааш “Өглөөний Улаанбаатар” гудамжинд болно.
1996 онд байгуулагдан тус хамтлагийн “Монгол” пянз нь Монголын анхны хип хоп пянз юм. Нээлтийн үеэр ICETOP хамтлагийнхан цөөн хувиар хэвлэсэн цомгуудаа дуудлага худалдаагаар зарна. Энэ үеэр тус хамтлагийн нэр бүхий бүтээгдэхүүнийг гишүүдийн гарын үсгийн хамт худалдан авах боломжтой. Пянзны нээлтэд ICETOP хамтлагтай хамтран ажилладаг рок попын уран бүтээлчид хүрэлцэн ирэх аж. “Монгол” пянзны нээлт өглөө 7.00-9.00 цагт үргэлжиллнэ.
“Өглөөний Улаанбаатар” гудамжинд долоо хоногийн даваа, лхагва, баасан гараг бүр нийслэлчүүдэд зориулсан хөтөлбөрт үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Монголын Залуучуудын өдрийг тохиолдуулан, өдөр 11.00 цагаас Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Нар угтсан өглөө” үйл ажиллагаа зохион байгуулна.
Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр 1921 оны наймдугаар сарын 25-нд байгуулагдаж байв. Үүнээс улбаалан тус өдрийг Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг.
Монгол Улсын нийт хүн амын 31.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 49.2 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Энэ онд залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа билээ.