Өвөрхангай аймгийн Уянга сумын нэгдүгээр сургууль 65 багш ажилтан, 613 сурагчтай юм. Тус хамт олон “ Хөдөлмөр” амралтын зуслан байгуулжээ. Өмнө нь сурагчдын дотуур байр байсан хуучин барилгыг буулгаж хоёр эрэгтэй багшийнхаа зааварчилгаагаар 12 эмэгтэй багш 14 хоногийн хугацаанд өөрсдөө барьж дуусгажээ. Уг зуслан нь 18х8 хэмжээтэй сургалтын танхим, сурагчид амрах 4 байшинтай бөгөөд хөл хорионы үеийн сурагчдын хоцрогдлыг арилгах, ЭЕШ-д сурагчдаа бэлтгэх зорилгоор хөдөлмөр амралтын зусландаа зуны улиралд хичээллэсэн байна. Ингэж сургалт зохион байгуулахдаа хотын төвөөс чадварлаг багш нарыг ч урьж хичээл оруулсан байна. Мөн сурагчид зусланд амрахдаа хичээлээ суралцахын хажуугаар үнээ туших, ивлэгэх, саах, үхрийн зэл цэвэрлэх, сүү хөөрүүлэх, тараг бүрэх, ааруул хэвлэх малын зүс таньж нүдлэх чадваруудыг малчны хотонд эздээс нь суралцсан байна.