Токио-2020 паралимпын хүндийг өргөлтийн -107 кг жинд өнөөдөр алтан медаль хүртсэн Э.Содномпилжээд улсаас сар бүр есөн сая төгрөгийн урамшуулал олгоно. 2012 оны наймдугаар сарын 16-ны Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу олимп, паралимпын наадам дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад насан туршид нь сар бүр урамшуулал олгохоор тусгасан байдаг. Тус зарлигийн дагуу тухайн тамирчны гаргасан амжилтын урамшууллыг дараа оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн олгох юм. Э.Содномпилжээ нь Риогийн паралимпаас хүрэл медаль хүртэж байсан мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 1 мөнгөн медаль хүртэж байсан тул 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс сар бүр 9 сая төгрөгийг засгийн газраас амьдралын баталгаа болгон авах юм.