Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ "10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд нийт 56 цогц үйл ажиллагаа хэрэгжих учиртай юм. Эдийн засагт үр нөлөөгөө өгч байгаа, хамгийн их эрэлттэй гурван төрлийн зээл байгаа. Ажлын байрыг дэмжих, репо санхүүжилт, ипотекийн зээл юм.Гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн төлөвлөгөө амжилттай хэрэгжээд гүйцэж байна. Энэ хугацаанд нийт 24 мянган зээлдэгчид тус зээл очсон байна. Үүнээс 18 мянган иргэн, 5,000 гаруй аж ахуйн нэгж зээл авсан байна. Зээлийн хувьд гол шаардлага нь НӨАТ төлөгч байх ёстой юм. Гурван хувийн хүүтэй, ажлын байрыг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлийг цаашид жижиг дунд үйлдвэрлэлийн хэмжээнд болон иргэдийн бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын зорилгоор нэмж, эдийн засгийн идэвхжүүлэлтийг хийх шийдвэрийг засгийн газраас гаргаад байна. Ойрын хугацаанд төв банк болон банкуудтай хамтарч эдийн засгийг дахин сэргээх бодлогын үйл ажиллагаа үргэлжилнэ. Дотоодын үйлдвэрүүдийг дэмжих хуулийг аравдугаар сарын 1-нд өргөн барина. Өнгөрсөн долоо хоногт засгийн газрын шийдвэрээр таван чиглэлийн үндэсний хороо байгуулагдсан байна. Хоёр чиглэлийн хорооны дэд даргаар миний бие ажиллаж байгаа юм. Үүний нэг нь КОВИД-19-ийн дараах эдийн засгийн дахин сэргэлтийг бий болгох бодлогын эрх зүйн орчныг бий болгох зорилготой. Энэ ажлын хүрээнд шинэ хуулийн текстийг бичих ажил руу орсон. Экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын үйлдвэрүүдийг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах гэх мэтчилэн найман үндсэн агуулга бүхий шинэ хуулийг бэлдэж байна. Аравдугаар сарын 1-н гэхэд 2022 оны шинэ төсвийг өргөн барихтай зэрэгцэн хуулийг УИХ-д өргөн барьж, энэ намартаа амжиж батлуулна" гэлээ.