Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 28-нд боллоо.
Хурлыг Гадаад харилцааны сайд бөгөөд Иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Б.Батцэцэг удирдав. Энэ удаагийн хурлаар хилийн чанадад нас барсан 3 иргэний шарилыг эх оронд нь ирүүлэх, төлбөрийн чадваргүй 4 иргэний яаралтай эмчилгээний зардалд дэмжлэг олгох асуудлыг шийдвэрлэв. Мөн цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орж нутаг буцаж чадахгүй байгаа 4 иргэний нутаг буцах зардал, хилийн чанадад ял эдэлж буй 11 иргэнд дэмжлэг олгох, хүчирхийлэлд өртсөн 1 иргэнд өмгөөлөгч авахад санхүүгийн дэмжлэг олгохоор болов. Дээрх иргэдэд нийт 64 сая 578 мянга 580 төгрөг зарцуулна.
Иргэдэд туслах сан нь Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу 2008 онд анх байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор баталсан Иргэдэд туслах сангийн дүрмийн дагуу үйл ажиллагаа нь зохицуулагддаг болно.