Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд дэд бүтцийн зургаан төв байгуулах ажлын эхний шат амжилттай хэрэгжээд байгаа. Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй дээрх төсөл хөтөлбөр гурван үе шаттайгаар 10 жилийн хугацаанд хэрэгжинэ.
Төслийг амжилттай үргэлжлүүлж, санхүүжилтийг тасалдуулахгүй байх талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн газрын хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Арно Хекманнтай уулзлаа. Арно Хекманн “Хөтөлбөрийн үргэлжлэл болох орлогод нийцсэн "Ногоон орон сууцны төсөл" нь гэр хорооллыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Иргэдийн орлогод нийцсэн, ногоон орон сууц барьж, гэр хорооллын 100 га талбайг нүүрсхүчлийн ялгаруулалт багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, орлогын холимог бүрдэл бүхий оршин суугчидтай, эко орчин бүрдүүлэн хөгжүүлэхээр зорьж байна” хэмээсэн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Төсөл хэрэгжүүлэх явцад үнийн өсөлт гарч санхүүжилтийн тал дээр зарим нэг асуудал үүссэн ч үүнийг шийдвэрлэхээр нийслэлийн удирдлагууд онцгой анхааран ажиллаж байгаа. Энэ бол нийслэл дангаараа шийдэх асуудал биш тул Сангийн яамтай хэлэлцээрийн түвшинд ажиллаж байна. Дэд төвүүд байгуулахын тулд зөвхөн дэд бүтэц, зам, барилга, байгууламж бариад зогсох биш, сургалтын төв байгуулж, ажлын байр нэмэгдүүлэх нь чухал юм” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС