Ирэх долоо хоногийн лхагва гараг буюу энэ сарын 29-нд бүх нийтээрээ амарна. Энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой тохиож байгаа юм. Түүхийн ач холбогдлыг тодруулбал, энэ өдөр монголчууд Манжийн эрхшээлээс гарч, үндэсний тусгаар тогтнол, төр ёсоо дахин сэргээсэн түүхэн өдөр юм.
1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд одоогийн Улаанбаатар хот буюу Их хүрээнд VIII Богд Жибзундамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий нийтэд зарлан тунхаглажээ. Монголын тусгаар тогтнолын энэ их үйл хэрэг нь хөрш орнуудын хэт нөлөө, ашиг сонирхол, хуйвалдаанаас шалтгаалан 1915 оны Хиагтын гэрээгээр Монгол Улс автономит эрхтэй болж улмаар тусгаар тогтнолоо алдсан ч 1921 оны хувьсгалын төдийгүй бүхий л тусгаар тогтнолын үйл хэргийн үүтгэл байсан юм. Энэхүү тусгаар тогтнолын үйл хэргийг Монгол Улсын төрөөс улс орны хэмжээний үндэсний баяр болгон тэмдэглэх шийдвэр 2006 оноос эхлэн гарч 2011 оноос нийтээр тэмдэглэх баяр амралтын өдөр болгожээ.