Улсын онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан " 2021 оны сүүлийн долоо хоногийг 2022 оны эхний долоо хоногтой харьцуулахад тохиолдлын тоо дөрөв дахин өсөж, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдэж байна. Тиймээс ор зохицуулах нэгдсэн баг байгуулсан. Эхний ээлжид өндөр настнууд, хавсарсан эмгэгтэй, вакцинд хамрагдаагүй, жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүд зэрэг эрсдэлт бүлэгт үйлчилж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн мянган ор бэлдээд байгаа бол нэмэлтээр 2000 ор дэлгэнэ. Өнгөрсөн 11 дүгээр сараас хойш 120 гаруй удаагийн нислэгээр ирсэн иргэдээс 600 гаруй иргэний хариу эерэг гарсан. Тусгаарлан ажиглах байранд 4500 гаруй иргэнийг тусгаарлахад 155 иргэнээс халдвар илэрсэн. Эрсдэлд суурилсан хариу арга хэмжээний үрээр халдварын тархалтыг харьцангуй барьж чадсан.Одоо дараагийн арга хэмжээгээ ярилцаж байна" гэлээ.
Вирусийн шинэ төрлийг илрүүлэх шинжилгээний өртгийн талаар сэтгүүлчийн асуултад тэрээр “Томуу болон коронавируст халдварыг PCR шинжилгээгээр ялгана. Ингэхдээ өвөрмөц урвалжийг ашиглаж халдварын үүсгэгчийг оношилдог. PCR шинжилгээ 24 цагийн дотор хариу нь гарсны дараа NGS буюу бүрэн генийг тогтоож баталгаажуулж байгаа.
Нэгдүгээр сарын 6-нд бүрэн геномын шинжилгээгээр зөөвөрлөгдсөн 12 тохиолдол илэрснийг зарласан бол нэгдүгээр сарын 9-нд дотоодод омикроны 5 тохиолдол бүртгэгдсэн.
Вирусийн хувилбар тогтоох шинжилгээний нэг хүнд ногдох өртөг нэг сая гаруй төгрөг болж байгаа. Тиймээс дүүрэг, орон нутаг, эмнэлгүүдээс ирсэн эерэг сорьцоос түүвэрлэж, цөөн тоогоор хийдэг" гэлээ.