Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй өнөөдөр цахим уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай тэмдэглэлд өчигдөр гарын үсэг зурсан билээ.
Энэ талаар асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан байна.
Шадар сайд С.Амарсайхан “Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г эцэслэн боловсруулж, хоёр тал албан ёсоор төслийн дараагийн шатны ажлын түвшинд шилжсэн.
Засгийн газар өнөөдөр ТЭЗҮ эцэслэгдсэнийг хүлээн зөвшөөрч, 2023, 2024 он хүртэлх эдийн засгийн үндэслэл дээр тулгуурласан дараагийн шатны инженер, техникийн болон ажлын зургийг боловсруулахад цаг алдалгүй эхлүүлж, ажиллахтай холбоотой үүрэг даалгавар өглөө.
2003 оноос хойш ярьж эхэлсэн энэхүү төсөл бодит ажил болох боломж бүрдсэнээр Монгол Улсын хувьд эдийн засгийг өсөлт болон бүтцийг сайжруулах, бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын үүрэг оролцоо нэмэгдэх боломжийг бүрдүүлж буй хэрэг" гэв.