Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах ажлын хэсгээс оруулсан гэрээний төслийг хэлэлцэж, дэмжжээ.
Иймээс өнөөдөр 17:00 цагт Эрчим хүчний яаманд төслийн багийнхантай Оюутолгойн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг албажуулна гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Гэрээ албажсанаар жилдээ дор хаяж БНХАУ-аас импортоор авч байгаа Оюутолгойн цахилгаан эрчим хүчний төлбөр 120 сая ам.доллартой тэнцэхүйц борлуулалтыг Монгол Улсын эрчим хүчний салбарт авч үлдэх боломж бүрдэнэ.
Тэгэхээр доод тал нь энэ хэмжээний цахилгаан эрчим хүчийг Монгол Улсын эрчим хүчний системээс авах ёстой. Түүнээс дээших хэрэглээг хязгаарлахгүй.
Цахилгаан эрчим хүчээр хангах тухайд одоо байгаа схемээр Өвөр монголын Эрчим хүчний системийн корпорацаас хангасаар байна. Үүнийгээ Оюутолгой төслийнхөнтэй нарийвчлан ярьсан. Өөрөөр хэлбэл, Монголоос Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах техникийн боломж бүрдэх хүртэл одоо байгаа схемээр эрчим хүчээр хангана.
Би энэхүү гэрээг Тавантолгой ДЦС, Монгол Улсын эрчим хүчний салбарын техникийн шинэчлэлтийг хийх шаардлагатай хөрөнгө оруулалт татахад дэмжлэг болох акт болж чадсан гэж дүгнэж байна.
Гэрээ 20 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд нэгж бүтээгдэхүүний үнийг эцэслэн тохирсон. Мөн жилд худалдаж авах цахилгаан эрчим хүчний доод хэмжээг тогтоосон.
2024 оноос эхлээд Тавантолгой ДЦС-ын эхний блок ашиглалтад орвол Оюутолгойн хэрэглээг хангаж эхлэх боломжтой болно. Зэрэгцүүлээд бусад эх үүсвэрийг барьж байгуулан ашиглалтад оруулах ёстой" хэмээв.