МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны баталгааны асуудлаар мэдээлж байна.
МҮЭ, Сургуулийн өмнө боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хороо, 21 аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийн Засгийн газраас төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн ажилчдыг гэрээт болгохоор гаргасан шийдвэрээ цуцлахыг шаардсан.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
-Төрийн үйлчилгээний хамгийн бага албан тушаалд хөдөлмөрлөдөг ажилтнуудыг хувийн байгууллагад гэрээт ажилтан болгох шийдвэр гарсан. Бид оны өмнөхөн энэ талаарх шаардлагыг хүргүүлсэн ба өчигдөр тогтоол гарч бидэнд хариу ирүүллээ.
Гагцхүү өөрийн хүсэл сонирхолд нийцүүлж, сайн дурын үндсэн дээр бусад байгууллага болон хувийн хэвшилд харьяалагдан ажиллах боломжтой гэжээ. Хэрэв ийм сонголт хийсэн тохиолдолд цалинг бууруулахгүй харин нэмнэ гэдэг тодорхойлолт гарсан. Гэхдээ энэхүү шийдвэр нь өнөөг хүртэл хөрсөн дээрээ хэрэгжихгүй байна.
Төрийн албаны ажилтнуудын цалин зарим нь өнөөг хүртэл буугаагүй байна, буусан ч ямар нэгэн урамшуулал, нэмэлтгүй зөвхөн үндсэн цалинг өгчээ. Жишээ нь цэцэрлэгийн ажилтан 40 хоног хүлээж байж 400 мянган төгрөгийн цалинг авчээ. Мөн өчигдөр II төрөх эмнэлэгт очиход 2021 оны 11-р сараас хойш цалингаа аваагүй ажилтан байна, НД-аар зээл авах бүх эрх нь хаагдсан байна.
Цалин хөлсийг дутуу олгодог, хоцроох асуудал их байна. Зөвхөн үндсэн цалинг олгоод үлдсэн нэмэлт, урамшууллыг хэн авав. Үүнийг тогтоож, зөрчлийг илрүүлэхгүй бол бид тэмцлийн дараагийн шатанд орохоо мэдэгдэж байна. Засаг нэг шийдвэр гаргадаг түүнийг нь хэрэгжүүлэхдээ нугалаа гаргаж ядарсан ажилтны цалингаас хумсалдгийг эсэргүүцэж байна. Нэг хүний цалинг тавихын тулд дунд нь хэд хэдэн шат дамжиж "цавчаа" хийдэг үзэгдэл байна. Тиймээс нийслэл, орон нутагт засаг захиргааны нэгжийн бүтцийг өөрчлөх шаардлагатай байна.