Баярын өдрүүдээр Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хамт олон алсын дуудлагад агаараар, газраар хослуулан эрүүл мэндийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлжээ.
Тодруулбал, Гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Ц.Баясгалан, мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Сүхбаатар болон Хэнтий аймагт тархины гэмтэлтэй 2 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байна. Мөн гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн их эмч Б.Мөнхбат Цэргийн төв эмнэлэгт дуудлагаар очиж эмчлүүлж буй хүнд өвчтөнд судас залгах мэс заслыг хийжээ. Түүнчлэн, Мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Г.Ариунболд Өмнөговь аймгийн Манлай суманд моринд даруулсан тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч ирсэн байна.