АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар мэдээлж байна.
Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн
"Хөгжлийн банкнаас нэгдүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан 52 зээлийг
- хуулийн дагуу олгосон эсэх,
- зээл олгосон албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж зээлдэгчид давуу байдал олгосон эсэх,
- хахууль авсан эсэх,
- улсад хохирол учруулсан эсэх зэргээр ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ.
Хөгжлийн банканд учирсан хохирлыг арилгуулахаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд,
- Зээлийн зарцуулалтыг зориулалтын бусаар ашигласан бол гэрээг цуцлах, мөн зээлийг эргэн төлүүлэх
- Зээлдэгч компанийн болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, дансыг захиран зарцуулахад хязгаарлалт тогтоох,
- Зээлдэгч ААН-үүдийн эцсийн өмчлөлийг тогтоох, эздийн нууцлаг хөрөнгийг илрүүлэн битүүмжлэх зэргээр төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн" гэлээ.