Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар, Украин дахь монгол оюутнуудаа эх оронд нь татан авах ажилд зориулж 500 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн тухай ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд өнөөдөр мэдээлэв.
Украин дахь монгол иргэдийн нөхцөл байдлын талаар ГХЯ-наас Монголын бүсээр 15.00 цагт өдөр бүр мэдээлэл өгч байхаар болсон байна.
ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд, "Украины Харьков хотод Монголын 18 оюутан, дөрвөн байнгын оршин суугч байна. Киев хотод 12 оюутан, гурван байнгын оршин суугч байгаа юм. Мөн Кировоград хотод хоёр оюутан байна. Харьковд байгаа оюутнууд дайн эхэлснээс хойш хоргодох байранд байсан. Өнөөдөр авсан мэдээгээр, зарим оюутнууд хоргодох байрнаас гарч, оюутны дотуур байр болон бусад байр руу явсан. Тус хотод нөхцөл байдал хэвийн болж байна. Киевт байгаа иргэд оюутны байрандаа байгаа. Кировоград болон бусад хотод байгаа иргэд гэр гэртээ байгаа гэсэн мэдээлэл ирсэн" хэмээн мэдээлэв.
Харин Берегове хотод суралцдаг нэг оюутан Украинд түр зорчиж байсан гурван монгол иргэний хамт өнөөдөр 13.00 цагийн орчимд Польш улсын хил нэвтэрсэн гэдгийг тэмдэглэв. Энэ иргэнийг Польш улсын Воршав хотод очиход нь Монгол Улсын ЭСЯ-наас тосож, байранд оруулж, Монгол руу буцах ажлыг зохион байгуулах юм байна.
"Польш улс нь дайнаас дайжиж буй иргэдийг өөрийн улс руу виз болон бусад шаардлага тавихгүй 15 хоног нэвтрэхийг зөвшөөрч байгаагаа зарласан. Энэ хүрээнд Польш улсаар хил нэвтрэх иргэдийн жагсаалтыг тус улсад хүргүүлсэн" гэдгийг онцоллоо.
Энэ сарын 26, 27-нд 21 оюутныг Харьков-Истанбул чиглэлийн нислэгээр татан авахаар суудал захиалсан ч тухайн нислэг цуцлагдсан байна. Тиймээс дараагийн хувилбар буюу иргэдээ газраар татан авах хувилбар руу шилжиж буйг тодотгов.
"Бид Харьковд байгаа иргэдээ ойр гэдэг утгаар нь ОХУ руу татаж авах боломж байгаа эсэхийг судална. Киев болон бусад хотод байгаа оюутнуудаа Польш, Унгар, Чех гэсэн орноор татан авах боломжийг судалж байгаа" хэмээв.
Одоогоор, Киев, Харьков болон бусад хотод хөдөлгөөн хорьсон нь иргэдээ татан авах ажилд саад болж буйг учирлав. Бусад улс орнууд ч ижилхэн нөхцөл байдалтай байгааг хэлээд, "Нөхцөл байдал намжих хүртэл хэд хоногтоо өөр тийш зорчихгүй, байгаа газартаа байхыг оюутнууддаа зөвлөж байгаа" хэмээн мэдээллээ.
ГХЯ-наас өнөөдөр өглөө Украин дахь иргэдийн ар гэрийнхэнтэй уулзсан бөгөөд шаардлагатай мэдээллийг өгч, санал хүсэлтийг нь авчээ. Ар гэрийнхэн нь аль болох татан авах ажлыг шуурхайлах, ялангуяа Харьковт хоол хүнсний хомсдол үүсэж болзошгүй тул тэнд байгаа иргэдэд туслахад анхаарал хандуулахыг хүсжээ. ГХЯ-наас Украинд суугаа Өргөмжит консул болон тэнд байгаа бусад иргэдээрээ дамжуулан хүнсний дэмжлэг олгох боломжийг судална гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдээллийн төгсгөлд тэмдэглэлээ.