Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар эх орны эрүүл хүнс хөтөлбөрийн хүрээнд Атрын-4 дүгээр аяныг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнтэй холбоотой хэд хэдэн чухал шийдвэр мөн гарсан.
Тухайлбал, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг батлав. Ингэхдээ импортын хүнсний бүтээгдэхүүний үнийн зөрүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор стандартын шаардлага хангасан ил талбайн таримлуудын нэг тонн тутамд 100 мянган төгрөгийн татаасыг тариаланчдад өгөхөөр шийдвэрлэлээ.
Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд өмнө нь эрчим хүчний үнийн тарифын хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд 22:00-06:00 цагийн хооронд үзүүлдэг байв. Тэгвэл энэ хугацааг аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1-н болгон сунгаж, хөнгөлөлт үзүүлэх цагийг 18:00-06:00 цаг болголоо. Энэ шийдвэр нь хүлэмжийн таримал эрхлэгчдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд нь дэмжлэг болох юм.
Мөн 2022 оны хаврын тариалалтад зориулж улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, таримал, хүлэмжийн таримлын үнийг 80 хувь хөнгөлж тариалан эрхлэгчдэдээ дэмжлэг болохоор Засгийн газрын тогтоол батлагдсан.
Энэ жилийн хаврын тариалалтад зориулж ХХАА-н Дэмжих сангаас нийт 13.8 тэрбум төгрөгийг гаргана.
Хаврын тариалалт, намрын ургац хураалтад нийт 22.5 мянган тонн шатахуун шаардлагатай. Тэгвэл хаврын тариалалтад зориулж нийт 6.5 тэрбум төгрөгийн шатахууныг хөнгөлөлт болгож гаргана. Үүнийг 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр тариаланчдад олгоно.
Мөн бордоог 30 хувийн хөнгөлөлттэй үнээр тариаланчдад нийлүүлнэ. Үлдсэн төлбөрийг намрын ургац хураалтаар авах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ" хэмээн хэллээ.