Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 10:00 цагаас цэргийн дээд цол, 11:30 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулна. Энэ үеэр Монголын анхны эмэгтэй генерал цолыг Батлах хамгаалах их сургуулийн Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болор хүртээхээр болжээ. Хурандаа Г.Болор нь Цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогч, АНУ-ын Албама муж дахь Агаарын цэргийн команд штабын коллежийг төгссөн анхны эмэгтэй алба хаагч, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер гээд анхны гэх тодотголууд түүнийг дагадаг. Мөн тэрээр Монгол улсаа төлөөлөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд анх 2010 онд Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах улсад явагдсан НҮБ-ын MINURCAT ажиллагааны цэргийн хүчний штабт хүний нөөцийн офицероор, 2013 онд Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын UNMISS ажиллагааны хүчний штабт холбооны хэлтсийн даргаар, 2015-2017 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь төв штабын энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтнээр хоёр жил ажиллаж нийтдээ гурван удаа энхийг сахиулах ажиллагаанд явж байжээ.