Монгол бөхийн өргөөнд XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-27-нд болно. Энэ тэмцээнээс “Истанбул-2022” насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөх тамирчныг сонгон шалгаруулах юм.
Цаашлаад “Парис-2024” олимпийн шигшээ багийг бүрдүүлэх ач холбогдолтой аж. Тус тэмцээнд Лондон-2012 олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар тулалдахаар бүртгүүлжээ. Өдгөө 39 настай У.Мөнх-Эрдэнэ тус тэмцээнд 19 дэх удаагаа оролцох гэж буй бол Э.Цэндбаатарын хувьд 63.5 кг-ын жинд тулалдах аж.
Мэргэжлийн бокст хүч үзэж буй, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар хамгийн сүүлд Москва хотноо Азербайжаны тамирчин Рауф Агаевтай тулалдаж, хоёрдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан билээ. Тэрбээр Москва хотод хийсэн хоёр тулаандаа ялалт байгуулаад байна.