Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийжээ.
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулснаар ДЭМБ-ын тооцооллоор хорт хавдрын өвчлөлтэй холбоотой нас баралтыг 35-69 хувь бууруулна гэжээ.
Өвдсөн нэг хүний эмчилгээнд 11.2-12.3 сая төгрөг зарцуулж байсан бол эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг жилд нэг удаа бүрэн хамруулснаар нэг хүнд 150 мянган төгрөг зарцуулж, эдийн засгийн хувьд хэмнэлт бий болох тооцооллыг хийжээ.
Эрүүл мэндийн сайдын танилцуулгатай холбогдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагаанд бусад салбарын оролцоог хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.