Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 58 удаагийн өнжмөл өвсний гал түймэр гарч, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймрийг шуурхай унтрааж ажиллалаа. Шар өвс шатаасны улмаас 80.9 га талбай гал түймэрт өртсөн байна.
Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.
Иймд, иргэн та хуурайшилтын зэрэг өндөр байгаа энэ үед зуслангийн болон хашааны өнжмөл өвсөө шатаахгүй байх, ногоон бүсэд зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж галын аюулгүй байдлаа хангах, айл өрхүүд халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.