Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын Үндэсний аюулгүй байдал хариуцсан орлогч зөвлөх Викрам Мисриг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын ард түмний оюун санааны хөрш, чухал гуравдагч түнш болох Энэтхэг улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүх түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлж, стратегийн түншлэлээ улам бэхжүүлэн шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Ялангуяа хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд Ерөнхийлөгчийн хувиар онцгой анхаарч байгаагаа дурдаад, үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах нь чухал байгааг онцоллоо.
Орлогч зөвлөх Викрам Мисри БНЭУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав. Тэрээр хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтаар хамтын ажиллагааны чиглэлүүд, сансар, харилцаа холбооны салбарт хамтран хэрэгжүүлэх тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээ өрнүүлснийг тэмдэглэв.
Тухайлбал, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх асуудлаар санал нэгтэй байгааг дурдлаа.
Мөн Энэтхэг, Монголын хамтран хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд тус улсаас төр, засгийн дээд түвшинд анхааралч буйг хэлэв. Төслийн хэрэгжилт холбогдох яамдын хариуцах ажил хэдий ч Ерөнхийлөгчийн зүгээс онцгойлон авч үзэж буйд талархалтай хандаж байна гэлээ. Иймд тус төслийн явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас тусгайлан анхаарч, хяналт тавина гэжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад халуун дотно мэндчилгээг нь уламжлахыг хүсээд, энэ удаагийн айлчлал өндөр үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба