УИХ-ын хуралдаанаар “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Сүүлийн 5 жилийн дунджаар 34600 зам тээврийн осол гарсан. Үүний 97.2 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон гэсэн судалгаа байна. Үүнд хурд хэтрүүлсэн, хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, эгнээ байр буруу эзэлсэн, хурд хэтрүүлсэн, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу гүйцэтгэсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, ажил амралтын горим зохицуулаагүй гэх мэт зөрчлүүд бүртгэгдсэн байна. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр биднийг жолооны сургалтандаа анхаарах цаг болсон гэдгийг сануулж байна.
Жолооны сургалтын зөвшөөрлийг нэг газар өгдөг, жолооны сургалтын хөтөлбөрийг нэг газар өгдөг, жолооны үнэмлэхийг нь нэг газар олгодог, мэргэшсэн жолоочын үнэмлэхийг нэг газар өгдөг гээд талаар нэг тарсан, нэгдсэн тогтолцоогүй байна. Тэгэхээр жолооны курсын үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор зангидах, түр курс буюу богино хугацааны сургалтаар жолоочийн эрх олгодог асуудлыг цэгцлэх, чанартай жолооч бэлтгэх асуудлыг анхаарахгүй бол зам тээврийн осол буурахгүй. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, Европ руу явж буй тээврийн хэрэгслийн хувьд евро стандарттай машин шаардлагатай. Евро стандартын машин худалдаж авъя гэхээр одоогоор тийм стандартын шинэ машин байхгүй, үйлдвэрт захиалга өгвөл 3-4 жилийн дараа үйлдвэрлэгдэнэ гэсэн асуудал яригдаж байна. Тэгэхээр бид евро стандартыг хангасан, үнийн хувьд арай хямд бусад энэ чиглэлийн машинуудыг судлах хэрэгтэй. Гуравдугаарт, Дарханы замын асуудлаар Зам тээврийн яам иргэдэд мэдээлэл хийж, зөв ойлголт өгөхгүй бол энэ гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрлээ. Ажлаа хийгээгүй компаний төлөө бид яагаад хариуцлага хүлээх ёстой вэ? Манай зүгээс мөнгө, санхүүгийн асуудалд оролцдоггүй гэдгийг ойлгуулж хэлж, ажил одоо явж байгаа талаар тодорхой мэдээллүүдийг өгч ажиллахыг хүсэж байна.