Эрүүл мэндийн яамнаас 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа сар тутам мэдээлэл хийхээр болжээ. Тус яамны удирдлагууд өнөөдөр анхны мэдээллээ хийсэн бөгөөд энэ үеэр Монголд эмчлэх боломжгүй, гадаадад эмчлүүлдэг өндөр өртөгтэй мэс заслыг нэвтрүүлэх чиглэлд ямар арга хэмжээ авч байгааг сэтгүүлч тодруулсан юм.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн сайдын 2017 оны тушаалаар Монгол Улсад эмчлэх боломжгүй 26 өвчний жагсаалтыг баталсан байдаг. Тиймээс гадаадад эмчлүүлэх шаардлагатай. Гадаадад эмчлүүлээд ирсний дараа эмчилгээний нийт төлбөрийн 5 хүртэлх хувийг Засгийн газраас нөхөн олгох зохицуулалттай ч 100 хувь шийдэж чаддаггүй. Гэхдээ өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дээрх 26 өвчнөөс дөрвийг нь Монголдоо эмчлэх боломжийг бүрдүүлж байна.
- Ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын тасгийг УНТЭ-т нээж, тоног төхөөрөмжийг суурилуулж үйл ажиллагаагаа эхэлж байна.
- ЭХЭМҮТ-д дутуу нярайн нүдний торлог бүрхэвч ховхорсноос хараа алдах эмгэгийг эмчлэх мэс заслын тоног төхөөрөмжийг суурилуулсан. Тус төвийн Хүүхдийн нүдний мэс заслын тасгийнхан эхний мэс заслуудаа хийгээд эхэлсэн гэх мэтээр ажиллаж байна.
МОНГОЛД ЖИЛД 110-130 ОРЧИМ ХҮҮХЭД ХАВДРААР ОНОШЛОГДДОГ
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл, Монгол Улсад жилд 110-130 орчим хүүхэд хавдраар оношлогддог. Манай улсад өнөөдрийн байдлаар 24 мянган хүн хавдрын улмаас эмнэлгийн хяналтад байгаагийн 450 орчим нь хүүхэд байна. ЭХЭМҮТ-д Цусны хавдрын тусламж үйлчилгээг хариуцан ажилладаг.
Манай улс 2014 оноос эхлэн насанд хүрэгчдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхлүүлж, 26 хүн дотооддоо энэ эмчилгээг хийлгэсэн. Одоо хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр боловсон хүчнээ бэлдэж, тоног төхөөрөмжүүдээ нэмэгдүүлж байна гэв.